🏫 Эрхлэгч · Арга зүйч

Цэцэрлэгийн удирдлагад зориулсан гарын авлага

Энэ заавар цэцэрлэгээ системд бүртгүүлэхээс эхлээд багш нараа нэмэх, бүлгүүдийн ажлыг хянах хүртэлх бүх алхмыг хамарна. Удирдлагын эрхээр нэвтэрсэн үед харагдах цонхыг тайлбарлав.

Хамгийн эхэнд мэдэх ёстой гурван зүйл
  • Систем sob.mn хаягаар ажиллана. Апп дэлгүүрээс татах шаардлагагүй — утас, компьютер, таблет ялгаагүй.
  • Удирдлага ажиглалт бичихгүй, харин засварлаж болно —✏️ Засварлах товчоор; хуучин хувилбар хадгалагдаж, багшид мэдэгдэл очно. Хүүхдийн ажиглалт, үнэлгээг багш нар бичдэг. Удирдлагын цонх нь багш, бүлэг, хүүхдийн бүртгэл болон хяналтад зориулагдсан.
  • Систем автомат имэйл илгээдэггүй. Нэвтрэх мэдээллийг хүнээс хүнд шууд дамжуулна.

1. Эрхээ авах, анх нэвтрэх

Цэцэрлэгийн эрхийг системийн админ нээж өгдөг. Та өөрөө шууд бүртгүүлж чадахгүй — энэ нь санамсаргүй эсвэл давхардсан цэцэрлэг үүсэхээс сэргийлдэг.

  1. Хүсэлт илгээх

    sob.mn → 🏫 Цэцэрлэгээ бүртгүүлэх товч дээр дарна. Цэцэрлэгийн нэр, эрхлэгчийн овог нэр, имэйл, утсаа бөглөнө.

    Бүлгийн тоо, багшийн тоог «Нэмэлт тайлбар»-т бичвэл бид эрхийг тань бэлдэхэд хялбар болно.

  2. Эрх нээгдэхийг хүлээх

    Бид хүсэлтийг хянаад цэцэрлэгийн эрхийг нээнэ. Дараа нь нэвтрэх имэйл болон түр нууц үгийг тань руу шууд холбогдож дамжуулна.

  3. Нэвтрэх

    sob.mn → Нэвтрэх хэсэгт имэйл, түр нууц үгээ оруулна. Удирдлага гэдгийг тань систем өөрөө таньж, удирдлагын хуудас руу оруулна.

  4. Нууц үгээ заавал солих

    ⚙️ Тохиргоо → 🔑 Нууц үг солих. Түр нууц үг нь хүнээс хүнд дамжсан тул зөвхөн та мэдэх нууц үгээр солих ёстой. Дор хаяж 6 тэмдэгт.

Имэйлээ хүлээх шаардлагагүй
Систем баталгаажуулах эсвэл урих имэйл илгээдэггүй. Хүсэлт илгээснийхээ дараа хайрцгаа шалгаад суух хэрэггүй — бид өөрсдөө холбогдоно.

2. Эхний өдрийн дөрвөн алхам

Эдгээрийг энэ дарааллаар нь хийх нь чухал. Бүлэггүй багш системд орсон ч юу ч хийж чадахгүй.

  1. Бүлгүүдээ үүсгэх

    🗂️ Бүлгүүд → ➕ Бүлэг нэмэх. Бүлгийн нэр (жишээ: «Бяцхан бүлэг») болон насны ангилал (жишээ: «4-5 нас») бичнэ. Насны ангилал заавал биш ч бичсэн нь дээр.

  2. Багш нараа урих

    👩‍🏫 Багш нар → ➕ Ажилтан нэмэх. Багшийн овог нэр, имэйлийг оруулахад түр нууц үг дэлгэцэнд гарч ирнэ. Түүнийг хуулж аваад багшдаа дамжуулна.

  3. Багш бүрийг бүлэгт нь хуваарилах

    🗂️ Бүлгүүд → бүлгийн доод талын + Багш хуваарилах… жагсаалтаас багшаа сонгоно. Нэг бүлэгт хэдэн ч багш, нэг багшид хэдэн ч бүлэг өгч болно.

  4. Хүүхдүүдээ бүртгэх

    Хүүхдийг бүлгийн багш нар бүртгэнэ: 🧒 Хүүхдүүд → ➕ Хүүхэд нэмэх, эсвэл жагсаалт Excel-д байвал 📥 Excel-ээс оруулах-аар нэг дор (нэг удаад 300 хүртэл). Цэцэрлэгийн нийт жагсаалт «Бүлэг» баганатай бол багш бүрт ижил файл өгч болно — багш бүр зөвхөн өөрийн бүлгийнхээ хүүхдийг оруулна. Регистрийн дугаар системд хадгалагдахгүй.

🚀 Эхлэх алхам — нүүр хуудсанд
🏠 Нүүр хуудасны дээд хэсэгт «🚀 Эхлэх алхам» карт эдгээрийг дарааллаар нь сануулна: Бүлгүүдээ үүсгэх → Багш нараа нэмэх → Багшийг бүлэгт хуваарилах → Гэрээ байгуулах → Цэцэрлэгийн байршлаа тэмдэглэх. Хийсэн алхам автоматаар ✅ болно; «Дараа харах» дарвал жижиг товч болж хураагдана. Багш нарт ч өөрсдийн карт гарна: хүүхэд бүртгэх → эцэг эхэд холбоос → эхний ажиглалт → гарааны үнэлгээ.
Бүлэг хуваарилахаа мартвал
Бүлэг хуваарилагдаагүй багш нэвтрэхэд «Танд бүлэг хуваарилаагүй байна» гэсэн мэдэгдэл гарч, өөр юу ч хийж чадахгүй. Багш «систем ажиллахгүй байна» гэж ярьвал хамгийн түрүүнд үүнийг шалгаарай.

3. Багш, багшийн туслах нэмэх, удирдах

Багшийн эрхийг зөвхөн удирдлага үүсгэнэ.

➕ Шинэ багш урих

Нэр, имэйлийг оруулахад систем багшийн эрхийг шууд үүсгэж түр нууц үгийг нэг л удаа харуулна. Хуудсыг сэргээвэл дахин харагдахгүй тул 📋 Хуулж авах товчоор хуулж аваад багшдаа мессежээр эсвэл цаасан дээр өгнө.

Багш нэвтэрсний дараа ⚙️ Тохиргоо → «Нууц үг солих» хэсгээс өөрийн нууц үгээ тавих ёстой гэдгийг заавал хэлж өгөөрэй.

🤝 Бүлгийн багш уу, багшийн туслах уу?

Урихдаа «Ямар эрхээр нэмэх вэ?» хэсгээс эрхийг нь сонгоно. Бүлгийн багш, багшийн туслах хоёулаа бүлэгтээ орж, ажиглалт бичиж, хүүхэд бүртгэж, ирц хөтөлж, эцэг эхтэй харилцана. Ялгаа нь ганцхан:

  • Бүлгийн багш — А/79 үнэлгээ, жилийн тайлан, илгээх хуудсыг хөтөлнө.
  • Багшийн туслах — үнэлгээг харна ч хөтлөхгүй. Тэдний цонхонд үнэлгээний хуудас гарч ирэхгүй.
Журмын дагуу хөгжлийн үнэлгээ нь бүлгийн багшийн мэргэжлийн хариуцлага. Тиймээс энэ хязгаарыг зөвхөн дэлгэц дээр нуугаагүй — өгөгдлийн сан өөрөө хамгаалдаг.
Хөгжмийн, биеийн тамирын багш
Урихдаа «Ямар эрхээр нэмэх вэ?» хэсгээс «🎵 Хөгжмийн багш» эсвэл «🤸 Биеийн тамирын багш»-ийг сонгоод хичээл ордог бүлгүүдэд нь хуваарилна — доорх 5-р хэсгийг үзнэ үү.

🌱 Бүртгэлтэй багш татах

Цэцэрлэг тань бүртгүүлэхээс өмнө системд бие даан ажиллаж байсан багш байвал энэ товчийг ашиглана. Имэйлийг нь оруулахад багш руу урилга очно.

  • Багш зөвшөөрөх хүртэл юу ч шилжихгүй — зөвшөөрөлгүйгээр татах боломжгүй.
  • Зөвшөөрвөл түүний бүх бүлэг, хүүхэд, ажиглалт цэцэрлэгт шилжинэ.
  • Хариу хүлээж буй урилга жагсаалтад харагдана — шаардлагатай бол Цуцлах дарж болно.

🔑 Нууц үг шинэчлэх

Багш нууц үгээ мартвал түүний мөрөн дэх 🔑 Нууц үг шинэчлэх дарна. Шинэ түр нууц үг нэг л удаа гарч ирэх тул хуулж аваад багшдаа дамжуулна. Хэн нэгэнд хандах шаардлагагүй — та өөрөө шийднэ. Багшийн утас бүртгэлтэй бол шинэ нууц үг түүн рүү SMS-ээр шууд очно.

Хуучин нууц үг тэр дороо ажиллахаа болино. Багш шинэ нууц үгээрээ нэвтэрсний дараа ⚙️ Тохиргоо хэсгээс өөрийн санадаг нууц үгээ тавих ёстой.

🔒 Багшийн эрхийг хаах, нээх

Багшийн мөрний баруун талын Идэвхтэй товч дээр дарж эрхийг нь хаана. Хаагдсан багш системд нэвтэрч чадахгүй, харин түүний бичсэн ажиглалт, үнэлгээ бүгд байрандаа хэвээр үлдэнэ. Бүлэгтэй багшийг хаах гэвэл «🔁 Багш солих» цонх нээгдэнэ — 4-р хэсгийг үзнэ үү.

Хаах ч, «🗑️ Устгах» ч хүүхдийн түүхийг устгахгүй. Ажлаас гарсан багшийг хаахад шаардлагатай үед буцааж нээж болно.

🗑️ Ажилтныг устгах. Мөрийн доод талын «🗑️ Устгах»-ыг дарахад систем тухайн хүний бичлэгийг тоолж, «Итгэлтэй байна уу?» цонхонд юу болохыг хэлнэ. Юу ч бичээгүй бүртгэл, ихэвчлэн буруу имэйлээр давхар үүссэн бүртгэл бүрмөсөн устна — буцаахгүй тул цонхон дахь имэйлийг шалгаарай. Ажилласан хүний эрх хаагдаж жагсаалт, сонголтоос хасагдана; ажиглалт, үнэлгээ нь хүүхдийн бүртгэлд түүний нэрээр үлдэнэ. Андуурсан бол хуудасны доод «Устгагдсан ажилтан» хэсгээс «↩ Сэргээх» — «Хаалттай» төлөвтэй буцна, эрхийг тусад нь нээнэ. Бүлэгтэй хүнийг эхлээд «🔁 Багш солих»-оор чөлөөлнө. Эрхлэгчийг зөвхөн өөр эрхлэгч устгана, сүүлийн удирдлагыг устгах боломжгүй.

✉️ Буруу бүртгүүлсэн имэйлийг засах. Багшийн мөрөн дээрх «✉️ Имэйл засах»-аар шинэ имэйлийг бичээд «Хадгалах» дарна. Багш шинэ имэйл, одоогийн нууц үгээрээ нэвтэрнэ; мартсан бол «🔑 Нууц үг шинэчлэх». Өөрийн имэйлээ Тохиргоо → «✉️ Нэвтрэх имэйл»-ээс засна. Нэвтэрч чадахгүй болсон удирдлагынхыг нөгөө удирдлага (эрхлэгчийнхийг — өөр эрхлэгч) эсвэл системийн админ засна. Шинэ имэйлээр өөр бүртгэл байвал систем аль бүртгэл болохыг хэлж, юу хийхийг зааварлана.

4. Багш солих, ажлаас гарсан багш

Багш ажлаас гарах, эсвэл өөр бүлэг рүү шилжихэд түүний бүлгийг шинэ багшид нэг дор өгнө. Хүүхдийн бүртгэл бүлэгтэйгээ үлдэнэ.

  1. Гарах багшаа сонгох

    👩‍🏫 Багш нар хуудасны дээд хэсгийн 🔁 Багш солих товчийг, эсвэл тухайн багшийн мөрөн дэх «🔁 Багш солих»-ыг дарна.

  2. Орлох багшаа сонгох

    Бүлэггүй бүлгийн багш нар жагсаалтын эхэнд гарна. Орлох хүн хараахан байхгүй бол «Орлох багш одоохондоо алга»-г сонгоно — шинэ багшийг хожим «Бүлгүүд» хуудаснаас хуваарилна.

  3. Бүлэг бүрийг шалгах

    Бүлэг бүрийн хүүхэд, ажиглалт, А/79 тэмдэглэгээ, бүтээл, ярилцлагын тоо, хамт үлдэх багш нар харагдана. Шинэ багшид өгөх бүлгээ чагтална. Багш ажлаас гарсан бол «эрхийг нь хаах»-ыг сонгоно — тэр үед үлдсэн бүх бүлгээс нь гарна.

  4. Солих, хэрэгтэй бол буцаах

    Дуусмагц юу өөрчлөгдсөнийг харуулна. Андуурсан бол 7 хоногийн дотор «↩️ Буцаах» дарна — хуучин багш бүлгүүддээ буцаж орж, солилтоор нэмэгдсэн багш гарна. Эрхийг нь хаасан бол дахин нээх эсэхийг тусад нь асууна. Аль хэдийн хаалттай байсан хүнийг бүлэгт буцаахгүй.

Юу шилжих, юу үлдэх вэ

  • Хүүхдийн ажиглалт, А/79 үнэлгээ, ярилцлага, хувийн хавтас, эцэг эхээс ирсэн мэдээлэл бүлэгтэйгээ үлдэнэ — шинэ багш нэвтэрмэгц бүгдийг харна. Юу ч устахгүй.
  • Өмнөх ажиглалт, ярилцлага хуучин багшийн нэрээр үлдэж, шинэ багшид «✍️ Нэр» шошготой харагдана — засах, устгах товч нь зөвхөн бичсэн хүнд гарна. Алдааг удирдлага «✏️ Засварлах»-аар засна. Шинэ багш ярилцлагыг өөрийн тэмдэглэлээр үргэлжлүүлэн хөтөлнө.
  • Хуучин багшийн хувийн тэмдэглэл, удирдлагаас өгсөн зөвлөмж, түүнтэй бичилцсэн хариу, асуулт, дэлгүүрийн сагс шилжихгүй. Зөвлөмжийн хариу, асуулт нь «💡 Зөвлөмж» цэсэнд танд харагдсаар байна.
  • Хөгжмийн, биеийн тамирын багшийг сольж байвал шинэ багшийг тэр чиглэлээр тэмдэглэх сонголт гарна.
Бүлэгтэй багшийн «Идэвхтэй» товчийг дарвал
Бүлэгтэй багшийн «Идэвхтэй» товчийг дарвал эрх нь шууд хаагдахгүй — «🔁 Багш солих» цонх нээгдэнэ. Хаагдсан багш бүлэгтээ бүртгэлтэй үлдэхгүйн тулд ингэсэн. Бүлэггүй багшийн эрх шууд хаагдана.
Хаасан эрх ба анхааруулга
Хаагдсан хүн системд нэвтэрч чадахгүй — нэвтрэлт нь өөрөө хаагдана. Бичсэн бүх зүйл нь хэвээр. «Хаалттай» товчоор дахин нээхэд нэвтрэх эрх нь сэргэнэ. Эрхлэгчийн эрхийг зөвхөн өөр эрхлэгч хаана; андуурч хаасан эрхийг системийн админ ч нээж чадна. Нүүр хуудсанд «⚠️ Багшгүй бүлэг» гарвал «Бүлгүүд» хуудаснаас багш хуваарилна; «Хаалттай боловч бүлэгт үлдсэн» гарвал «🔁 Багш солих»-оор бүлгээс нь гаргана.

5. Хөгжмийн, биеийн тамирын чиглэлийг яаж тэмдэглэх вэ?

Хэд хэдэн бүлэгт хичээл ордог багшийг тэмдэглэвэл тэр зөвхөн өөрийн хичээлээр бичиж, хэвлэх хуудсанд өөрийн нэрээр гарна.

  1. Урихдаа чиглэлийг сонгох

    👩‍🏫 Багш нар хуудсанд ➕ Ажилтан нэмэх дарж, «Ямар эрхээр нэмэх вэ?» хэсгээс 🎵 Хөгжмийн багш эсвэл 🤸 Биеийн тамирын багш сонголтыг дарна.

  2. Бүлгүүдэд нь хуваарилах

    Хичээл ордог бүлэг бүрт нь 🗂️ Бүлгүүд хэсгээс хуваарилна.

Хөгжим, Хөдөлгөөн гэсэн тусдаа бүлэг бүү үүсгэ
Хөгжмийн, биеийн тамирын багшид «Хөгжим», «Хөдөлгөөн» гэх мэт тусдаа бүлэг үүсгэж, тэнд хүүхэд оруулуулахгүй. Багшийг хичээл ордог жинхэнэ бүлгүүдэд нь хуваарилна — хүүхдүүд тэнд аль хэдийн бүртгэлтэй тул багш шууд харна. Тусдаа бүлэгт хүүхдийг дахин бүртгэвэл нэг хүүхэд хоёр бичигдэж, цэцэрлэгийн хүүхдийн тоо өсөж, А/79-ийн хамрах хүрээ бага харагдаж, ажиглалт, үнэлгээ хоёр бүртгэлд хуваагдана.

Өмнө нэмсэн багшийг тэмдэглэх

Аль хэдийн бүлгийн багшаар нэмсэн бол 👩‍🏫 Багш нар хуудсанд тухайн багшийн мөрөн дэх 🎵 Хөгжмийн багш болгох эсвэл 🤸 Биеийн тамирын багш болгох товчийг дарна. Багшийн туслахын мөрөнд эдгээр товч гарахгүй — эхлээд 👩‍🏫 Бүлгийн багш болгох дарна.

Тэмдэглэхэд юу өөрчлөгдөх вэ

Тэд бүлгүүдийнхээ хүүхдийг (нэр, нас, зураг) харж, зөвхөн өөрийн чиглэлээр ажиллана:

  • Хүүхдийн А/79 үнэлгээний хэвлэх хуудсанд «Хөгжмийн багш» эсвэл «Биеийн тамирын багш» гэсэн өөрийн мөр, гарын үсгийн мөртэй гарна. Тэмдэглээгүй бол бүлгийн багш нарын дунд нэр нь гардаг.
  • Багшийн өөрийн 🎓 Үнэлгээ цэсний нэгдсэн хуудас ч тэр нэрээр хэвлэгдэнэ.
  • А/79 үнэлгээ — зөвхөн өөрийн хичээлийн шалгуурын мөрүүдийг тэмдэглэнэ. Бусад мөр түгжигдэж, бүлгийн багшийн тэмдэглэгээг дарж бичих боломжгүй болно.
  • Ажиглалт — хөгжмийн багш зөвхөн «Хөгжим», биеийн тамирын багш зөвхөн «Хөдөлгөөн, эрүүл мэнд» чиглэлээр бичнэ.
  • Хүүхэд нэмэх, засах, эцэг эхийн утас, утасны тэмдэглэл, явдлын бүртгэл, эцэг эхийн холбоос, мэдээ, жилийн тайлан, илгээх хуудас нь бүлгийн багшийнх — тэдэнд харагдахгүй.

🔎 Тэмдэглээгүй багшийн сануулга

Гурав ба түүнээс олон бүлэгт хуваарилагдсан ч тэмдэглэгдээгүй идэвхтэй багш байвал 👩‍🏫 Багш нар хуудасны дээд хэсэгт тэдний тоог хэлсэн тууз, тухайн багшийн карт дээр «🔎 … бүлэгт хуваарилагдсан — хөгжим эсвэл биеийн тамирын багш уу?» гэсэн сануулга гарна. Тийм бол дээрх «… болгох» товчоор тэмдэглэнэ.

Олон бүлэгт тусалдаг бүлгийн багш бол Бүлгийн багш мөн дарж сануулгыг нууна. Энэ нь зөвхөн тухайн төхөөрөмж дээр нуугдах бөгөөд багшийн эрх өөрчлөгдөхгүй.

Багш нар өөрсдөө ⚙️ Тохиргоо → «Миний үүрэг»-ээс «Би хөгжмийн багш» гэж хүсэлт илгээж болно. Хүсэлт нь Багш нар хуудасны дээд хэсэгт, мөн 🔔 Мэдэгдэлд гарна — ✅ Батлах эсвэл ✖ Татгалзах дарж шийднэ. Хүсэлт нь хүлээгдэж байгаа багшид дээрх сануулга гарахгүй.

Чиглэл нь хүнийх, бүлгийнх биш. Нэг бүлэгт бүлгийн багш, бусдад хөгжмийн багш хийдэг хүнийг хөгжмийн багш болговол бүх бүлэгт нь хязгаарлагдана — тийм хүнийг бүлгийн багшаар үлдээнэ үү. Өмнө бичсэн ажиглалт, үнэлгээ нь хэзээ ч устахгүй.

6. Бүлэг, хүүхдийн бүртгэл

  • Бүлэг устгах — 🗑️ товчоор. Хүүхэдтэй бүлгийг устгахаас өмнө хүүхдүүдийг нь өөр бүлэгт шилжүүлсэн байх ёстой.
  • Хүүхэд бүлэг солих — 🧒 Хүүхдүүд хэсэгт хүүхдийн мөрөн дэх бүлгийг сонгоно. Шууд шилжихгүй: «… хүүхдийг … бүлгээс … бүлэг рүү шилжүүлэх үү?» гэж асууж, юу шилжих, юу үлдэхийг харуулна. Шилжүүлэх дарсны дараа л шилжинэ.
  • Олон хүүхдийг зэрэг — хүүхдүүдийн өмнөх ☑️-г чагтлаад (эсвэл бүлгээр шүүгээд «Энэ жагсаалтын бүгдийг сонгох»), «Аль бүлэг рүү…»-г сонгож 🔀 Шилжүүлэх… дарна. Нэг удаад 300 хүртэл.
  • Өөр цэцэрлэгээс ирсэн хүүхэд — одоогоор өөр цэцэрлэгийн бүртгэлийг системээр шилжүүлэх боломж алга. Хүүхдийг шинээр бүртгэнэ; өмнөх цэцэрлэгийнх нь хэвлэсэн тайлан, үнэлгээг цаасаар авч болно. Өөр цэцэрлэг рүү явсан хүүхдийн бүртгэлийг ч системээр илгээх боломжгүй — тайлангаа хэвлэж эцэг эхэд нь өгнө.
  • Хүүхдийн тоо бүлэг бүрийн доор харагдана — бүртгэл дутуу бүлгийг шууд олж харна.

Хүүхэд шилжихэд юу шилжих, юу үлдэх вэ

  • Хүүхэдтэйгээ хамт очно: ажиглалт (зурагтай нь), А/79 үнэлгээ, хувийн хавтас, ярилцлага, эцэг эхийн холбоос. Холбоос хэвээр ажиллаж, эцэг эх шинэ бүлгийн мэдээг, мөн энэ хүүхдэд хандсан өмнөх хувийн мэдээгээ харсаар байна.
  • Хуучин бүлэгт үлдэнэ: бүлгийн мэдээ (энэ хүүхдэд хандсан хувийн мэдээг оруулаад), аюулгүй байдлын явдлын бүртгэл — эдгээр нь бүлгийнх тул шинэ бүлгийн багш харахгүй.
  • Хэн харах вэ: шинэ бүлгийн багш нар өмнөх бүх бүртгэлийг харна; ажиглалт дээр бичсэн багшийн нэр гарна. Зөвхөн хуучин бүлэгт ажилладаг багш нар хүүхдийг цаашид харахгүй — тэдэнд 🔔 Мэдэгдэлд «… → … бүлэг рүү шилжлээ» гэж очно.
  • Хөтөлбөрийн түвшин (I–IV) өөрөө солигдохгүй — шаардлагатай бол багш хүүхдийн мэдээллээс өөрчилнө.
Андуурч шилжүүлсэн бол
Юу ч устахгүй. Хүүхдийг буцааж хуучин бүлэгт нь шилжүүлэхэд бүх бүртгэл хэвээрээ буцаж ирнэ. Хэн, хэзээ, аль бүлгээс аль бүлэг рүү шилжүүлснийг систем өөрөө тэмдэглэдэг.

🗣️ Ярилцлага — уншиж, засварлах

Хүүхдийн бүртгэлийн 🗣️ Ярилцлага табад багш нарын бичсэн ярилцлага, дуу бичлэг бичсэн хүний нэртэй гарна. Багш зөвхөн өөрийн бичсэнийг засдаг тул бусдын ярилцлагад алдаа олвол удирдлагад хэлнэ.

  • Ярилцлага бүрийн ✏️ Засварлах товчоор огноо, арга, чиглэл, тэмдэглэлийг засна. Дуу бичлэг хэвээр үлдэнэ.
  • Ажиглалтын засвараас ялгаатай нь өмнөх хувилбар хадгалагдахгүй, багшид мэдэгдэл очихгүй. Боломжтой бол бичсэн хүнтэй нь ярилцаад засаарай.
  • Ярилцлагыг устгах товч удирдлагад алга.
🌿 Сургалтын хэлбэр, суралцагчийн төлөв
👩‍🏫 Багш, хүүхэд → 🗂️ Бүлгүүд табд бүлэг бүрийн «Сургалтын хэлбэр: … Засах» мөрөөс үндсэн эсвэл 🌿 хувилбарт сургалт (төрлийг нь бичнэ — гэр цэцэрлэг, нүүдлийн бүлэг г.м.), цагийн хэлбэрийг (ердийн, уртасгасан, богиносгосон цаг) тэмдэглэнэ. Хувилбарт сургалтын бүлгийн хүүхэд хувилбарт сургалтын суралцагчид тооцогдоно.
Хүүхэд бүрийн төлөвийг (🟢 Үргэлжлүүлэн суралцаж буй, 🕒 Түр, 📝 Чөлөөтэй, ⏸️ Идэвхгүй) бүлгийн багш эсвэл удирдлага хүүхдийн хуудасны дээд хэсгээс солино. 🧒 Хүүхдүүд жагсаалтад «Төлөв, сургалтын хэлбэр» сонголтоор шүүнэ. Төлөв нь хүүхдийг нуухгүй — «Идэвхгүй» хүүхэд ч жагсаалтад хэвээр, тэмдэгтэй гарна.
🍲 Хоолны цэс — эцэг эх харна
📋 Өдөр тутам → 🍲 Хоолны цэс табаас 7 хоног бүрийн ажлын өдрүүдийн өглөөний цай, өдрийн хоол, үдээс хойших цай, оройн хоолыг бичиж өдөр бүрээр 💾 Хадгалах дарна. ◀ ▶ товчоор 7 хоног солино. Эцэг эх холбоосоороо тухайн өдрийн цэсийг «🍲 Өнөөдрийн хоол» хэсэгт харна; бичээгүй өдөр юу ч харагдахгүй. Бүх талбарыг арилгаад хадгалбал тэр өдрийн цэс устна. Хүүхдийн харшлыг энд бичихгүй — хувийн хавтасны «Миний хөгжил»-д.
📋 Өдрийн ирц — асаах, хянах
Ирцийн бүртгэл цэцэрлэг бүрт анхдагчаар унтраалттай — багш нар ирцээ ESIS-д бүртгэдэг бол давхар ажил болохгүйн тулд. Асаах бол 📋 Ирц → Ирцийн бүртгэлийг асаах. Асаасны дараа багш нарын цэсэнд «📋 Ирц» гарч, эцэг эх холбоосоороо хүүхдийнхээ сарын ирцийг харна.
Самбар дээр сонгосон өдрийн бүлэг бүрийн ирсэн, хоцорсон, өвчтэй, чөлөөтэй, тасалсан хүүхдийн тоо, ирцийн хувь, бүртгээгүй бүлэг, сүүлийн 7 хоногийн ирц гарна. Бүлэг бүрийн Сараар → нь сарын хүснэгтийг нээж, ирцийн бүртгэлийн хэлбэрээр (толгой, сарын дүн, гарын үсэгтэй) Excel-ээр татна. Ирцийг багш бүртгэнэ — удирдлага харна.
⏻ Ирцийг унтраах дарвал багшийн цэс, эцэг эхийн хэсэг нуугдана; бүртгэсэн ирц устахгүй, дахин асаахад хэвээр гарна. ESIS-тэй холбогдсоны дараа энд бүртгэсэн ирц ESIS руу шууд очих тул давхар бүртгэл арилна.
📋 Өдөр тутам → 🤝 Гараас гарт табд бүлэг бүрийн хүүхдийг өглөө хэн (ээж, аав, бусад), хэдэн цагт хүлээлгэж өгсөн, орой хэн авсныг харна. Багш, туслах бүртгэнэ; «Ирсэн» гэж бүртгэхэд ирц нь өөрөө «✅ Ирсэн» болно.
💰 Хоолны төлбөр — ирцээс сарын дүн
📋 Өдөр тутам → 💰 Хоолны төлбөр-д нэг өдрийн үнэ, аль төлвийн өдрийг (анхдагч: ✅ Ирсэн, ⏰ Хоцорсон) төлбөртэй тооцох, «хэдэн сараас» гэдгийг тавьж 💾 Хадгалах. Үнэ өөрчлөхөд өмнөх сарууд хуучин үнээрээ үлдэнэ. Дүн нь багш нарын бүртгэсэн ирцээс үргэлж шинээр бодогдох тул ирц засагдвал дүн өөрөө зөв болно.
Бүлэг бүрийн нийт, төлсөн, төлөөгүй хүүхдийн тоо гарна; Хүүхдээр → дээр хүүхэд бүрийн дүн, хөнгөлөлт (дээр нь дарж 25%, 50%, 100% чөлөөлөх г.м.), Төлсөн гэж тэмдэглэх (дүн, огноо). Тэмдэглэсний дараа ирц өөрчлөгдвөл «⚠️ ирц өөрчлөгдсөн» гарна. ⬇️ Excel (CSV) нягтланд. Мөнгө системээр дамжихгүй. Багш нар бүлгийнхээ дүнг харна, эцэг эх холбоосоороо өөрийн хүүхдийн сүүлийн 3 сарын дүн, төлсөн эсэхийг харна.
🧮 Нягтлангаа нэмэх — зөвхөн хоолны төлбөр
Төлбөр тэмдэглэх ажлыг нягтланд даатгаж болно. 👩‍🏫 Багш, хүүхэд → Багш нар → ➕ Ажилтан нэмэх → 🧮 Нягтлан сонгоод нэр, имэйл, утсыг бичнэ. Нягтлан sob.mn-ийн нэг нэвтрэх хуудсаар орж, зөвхөн 💰 Хоолны төлбөрийг харна: үнэ, хөнгөлөлт тавих, «Төлсөн» тэмдэглэх, Excel татах. Хүүхдийн нэр, бүлэг, ирцийн төлвөөс өөр юу ч (ажиглалт, үнэлгээ, эрүүл мэнд, эцэг эхийн утас) харагдахгүй. Бүлэгт хуваарилах шаардлагагүй, гэрээний багшийн тоонд орохгүй. Ажлаас гарвал мөрөн дээрх «Идэвхтэй» товчийг дарж хаана.
🩺 Эмчээ нэмэх — өсөлтийн судалгаа
👩‍🏫 Багш, хүүхэд → Багш нар → ➕ Ажилтан нэмэх → 🩺 Эмч сонгоод нэр, имэйл, утсыг бичнэ. Эмч sob.mn-ээр нэвтэрч 📏 Өсөлтийн судалгаа хэсэгт бүлэг, улирлаа (намар, хавар) сонгоод хүүхэд бүрийн өндөр, жинг оруулна — талбараас гармагц өөрөө хадгалагдаж, ДЭМБ-ын жишгээр «хэвийн / намхан / туранхай / илүүдэл жин / таргалалт» шууд гарна. Эмч хүүхдийн нэр, бүлэг, төрсөн огноо, хүйсээс өөр юу ч харахгүй. Мөн эмч 🤒 Өвчлөлийн бүртгэл-д бүх бүлгийн өвчлөл, бэртлийг харж, шинээр бүртгэнэ; 🩺 Өдрийн эрүүл мэнд-ээс туслахын өтгөн шингэний судалгааг харна; 🧹 Туслахын журнал-д «✓ Хянах» тэмдэглэнэ (сүүлийн хоёр нь бүлгийн журнал асаалттай үед). Эмчгүй бол удирдлага өөрөө 🔎 Хяналт → 📏 Өсөлт-өөс оруулна. Бүлгийн багш хүүхдийн хуудасны «📏 Өсөлт» табаас, эцэг эх холбоосоороо харна.
🧹 Бүлгийн журнал — туслахын цаасан журналыг солино
📋 Өдөр тутам → 🧹 Бүлгийн журнал → ✓ Журналыг асаах. Асаасны дараа багш, туслахын цэсэнд «🧹 Журнал» гарч өрөөний температур, чийгшил, агааржуулалт, цэвэрлэгээ, тоглоом угаасныг өдөр бүр, цагаан хэрэглэл солих, хөнжил гудас салхинд гаргах, аяга таваг ариутгахыг ээлжээр (анхдагч 14 хоногт) бөглөнө. Утгууд өмнөх өдрөөс бөглөгдсөн тул ихэнхдээ «✓ Хадгалах» л дарна.
Самбар дээр бүлэг бүрт ✓ (бичигдсэн), ✅ (хянагдсан) гарна — хувь, оноо гаргахгүй. ✓ Хянах дарвал таны нэрээр «Хянасан» тэмдэглэгдэж хэвлэхэд нэр, огноотой гарна; хянаагүй нүдэнд хэвлэсэн хуудсан дээр гараар зурна. 🖨️ Хэвлэх нь цаасан журналын хэлбэрээр (өдөр тутмыг сараар, ээлжитийг бүтэн жилээр) гаргана. Өрөөнүүд, цэвэрлэгээний ээлж, тоглоомын сонголт, давтамжийг доорх «Тохиргоо»-оос өөрчилнө. Унтраахад бичсэн журнал устахгүй.

7. Ажлыг хянах, ажиглалт засах

Арга зүйчийн өдөр тутмын ажлын гол хэсэг энд байна. Багш бүрийн цонх руу орох шаардлагагүй — нэгдсэн зураг нэг хуудсанд гарна.

🏠 Нүүр хуудас

Багш, бүлэг, хүүхэд, ажиглалтын нийт тоо. Хүүхдийн тооны доор хүү, охин тус бүр хэд байгаа нь гарна. Тоон дээр дарахад тухайн хэсэг рүү шууд шилжинэ.

🖨️ Бүлгийн ажиглалтыг хэвлэх, Word-оор татах

Ажиглалт хуудасны баруун дээд талын «🖨️ Хэвлэх / Word» товчоор орно. Бүлэг, сараа (эсвэл бүтэн жилийг) сонгоход бүх хүүхдийн ажиглалт хүүхэд тус бүрээр, он дарааллаар, СҮД, түвшин, тэмдэглэлтэйгээ гарна. Тухайн хугацаанд ажиглалтгүй хүүхдийн нэрс төгсгөлд нь жагсана — хамрах хүрээг шалгахад тохиромжтой.

📊 Анализ — бүлэг хоорондын харьцуулалт

Сүүлийн 30 хоногийн байдлаар бүлгүүдийг зэрэгцүүлж харуулна:

  • Ажиглалтын идэвх — хэдэн ажиглалт бичсэн, хэдэн хүүхэд хамрагдсан.
  • А/79 үнэлгээний явц — бүлэг бүр гараа, үр дүнгийн үнэлгээгээ хэр гүйцэтгэсэн; явцад нотолгоо бүрэн буюу ажиглалт, хавтас хоёулаатай (2/2; ярилцлага заавал биш) хүүхдийн тоо.
  • Эцэг эхтэй харилцсан байдал — бүлэг бүр хэдэн мэдээ нийтэлсэн.

📜 Өмнөх оны харьцуулалт (30 хоногоос үл хамаарна) — багш нар өмнөх хичээлийн жилийн А/79-ийн үр дүнг цааснаас оруулсан бол бүлэг бүрээр харуулна. «📜 Өмнөх оны үр дүн» мөр нь өмнөх оны үр дүнг бүрэн оруулсан бүх хүүхдийн дундаж — энэ оны гараанаас үл хамааран үргэлж гарна. «Хос харьцуулалт» нь ижил хүүхдүүдийн өмнөх оны үр дүн ба энэ оны гараа; «N гараа хүлээж байна» нь гараа нь дуусаагүй тул хос харьцуулалтад ороогүй хүүхэд. Гараа нь шинэ түвшний шалгуураар хийгддэг тул хувь нь ихэвчлэн бага гардаг нь ухралт биш. Анализад багшийг эрэмбэлэхгүй, хүүхдийн нэр гарахгүй.

🎓 Үнэлгээ цэсний дээд талын хичээлийн жилээс өмнөх оныг сонговол цэцэрлэг, бүлэг бүрийн өмнөх оны дундаж хувь, хүрээ, 2.10-ын түвшин тус бүрийн хүүхдийн тоо гарна; бүлгийг сонговол хүүхэд бүрийн дүн нэрээр нь гарна. Хүүхдийн бүртгэлийн 🎓 А/79 таб дээр ч дээд талын оноос өмнөх оны үр дүнг шалгуур бүрээр харна. Удирдлага зөвхөн харна — багш оруулна. Өмнөх он нь зөвхөн өмнөх нэг хичээлийн жил бөгөөд үр дүн нь Хангасан / Хангаагүй гэсэн хоёр утгатай.

Арга зүйчийн сар бүрийн хяналт
Сар бүр энэ хуудсыг нээгээд: (1) хоцорч буй бүлэг байна уу, (2) ажиглалт нэг чиглэлд хазайсан бүлэг байна уу, (3) эцэг эхтэй огт харилцаагүй бүлэг байна уу — гэсэн гурван зүйлийг харвал хангалттай.

📚 Анализ — сургалтын чиглэлээр

Анализ хуудсанд ажиглалтыг хэл яриа, математик зэрэг сургалтын чиглэлээр харна. Хугацааг «Сүүлийн 30 хоног» эсвэл «Хичээлийн жилийн эхнээс» гэж сонгоно. Энэ сонголт зөвхөн доорх хэсгүүдэд үйлчилнэ — «Бүлгүүдийн харьцуулалт», А/79 зэрэг бусад хэсэг өөрчлөгдөхгүй.

  • 📚 Сургалтын чиглэлээр — нэгдсэн — чиглэл бүрээр хэдэн ажиглалт бичигдэж, хэдэн хүүхэд ажиглагдсан. Цөөн бичигдсэн чиглэл «Бага бичигдсэн» гэж гарна.
  • 🗂️ Бүлэг бүрээр — чиглэл тус бүрээр — дээд талын чипээс чиглэлээ сонгоно. «Бүгд» нь бүлэг × чиглэлийн хүснэгт: нүд бүрт тухайн чиглэлээр ажиглагдсан хүүхдийн хувь, доор нь 12/26. Чиглэлийн нэр дээр дарвал тэр чиглэлээр бүлэг бүр доошоо цувна — зурвас, хувь, хэдэн хүүхэд ажиглагдаагүй, ажиглалтын тоо; «👩‍🏫 Багш нар»-ыг дэлгэж багш бүрийн тоог харна. Сонгосон чиглэл холбоосонд хадгалагдана.
  • Өнгө — ногоон 80–100%, шар 50–79%, улбар шар 1–49%, саарал 0. Өнгө нь хүүхдийн хөгжлийн түвшин биш — тухайн чиглэлээр ажиглагдсан хүүхдийн хувь.
  • 👩‍🏫 Багш бүрээр — «Бүгд» үед хүснэгтийн доор нугалагдмал; дэлгэвэл багш, туслах бүр аль чиглэлээр хэдэн ажиглалт бичсэн, бүлгийн багшийн «Орхигдсон чиглэл» гарна. Хэд хэдэн бүлэгтэй хүний тоо нь бүх бүлгийнх.
Хэрхэн тоолдог вэ
Нэг ажиглалт хэд хэдэн чиглэлийг хамарч болно. Тухайн чиглэлийн үнэлгээ эсвэл суралцахуйн үр дүнтэй ажиглалт тэр чиглэлд нэг л удаа тоологдоно (3 үр дүн үнэлсэн ч 1). Хөгжим, биеийн тамирын багшаас зөвхөн өөрийн чиглэл нь хүлээгдэнэ; бүлгийн багшаас бүх чиглэл хүлээгдэнэ. Хэд хэдэн бүлэгт хуваарилагдсан хүн эхний бүлэгтээ нэг удаа гарна, бусад бүлэгт нь «Мөн энэ бүлэгт» гэж заана.

📝 Ажиглалт — уншиж, засварлах

🔎 Хяналт → 📝 Ажиглалт табд багш нарын бичсэн ажиглалт бүлэг, сургалтын чиглэл, хугацаа, багшаар шүүгдэж гарна. Ажиглалтыг засах бол ажиглалт бүрийн ✏️ Засварлах товчоор багшийн дүгнэлт, чиглэлийн үнэлгээ, суралцахуйн үр дүн, түвшнийг засна. Хүүхдийн бүртгэлээс ч мөн адил.

Бүлгийн доорх Сургалтын чиглэл мөрөөс чиглэл сонгоно — чип бүр дээр ажиглалтын тоо бий. Тэгвэл тэр чиглэлээр үнэлэгдсэн хэсэг л — чиглэлийн түвшин, тайлбар, суралцахуйн үр дүн — шинэ нь дээрээ нэг жагсаалтаар гарна. Доош гүйлгээд уншина, урт бол доод талын Цааш үзэх дарна. Ерөнхий тэмдэглэл, зураг нь бүх ажиглалтынх тул хамт гарна. Сонгосон чиглэл бүлэг, хугацаа солиход ч, засварлаад буцахад ч хадгалагдана.

  • Хадгалахаас өмнө «Өөрчлөлт» хэсэгт багшид очих мөрүүд яг харагдана. Багшид тайлбар бичвэл мэдэгдэлд нь хамт очно.
  • Ажиглалтын зохиогч нь багш хэвээр — ажиглалт дээр «✏️ Арга зүйч засварласан» гэсэн тэмдэг гарна.
  • Засвар бүрийн өмнөх хувилбар хадгалагдана. «🕘 Засварын түүх»-ээс ↩️ … сэргээх дарж буцаана.
  • Огноо, зураг, асуултын хариултыг өөрчлөхгүй, ажиглалтыг устгах боломжгүй.
📋 Эцэг эхийн асуулга
Эцэг эхийн асуулгыг бүлгийн багш, туслах багш өөрсдийн «📋 Асуулга» цэснээс явуулна — 🧒 Хүүхдийн тухай асуулга, 😊 Сэтгэл ханамжийн судалгаа, ⚡ Хурдан асуулга гэсэн гурван бэлэн загвар, эсвэл багш 1–10 асуултаа өөрөө бичдэг ✏️ Өөрийн асуулга. Эцэг эх мэдээ хардаг холбоосоороо нэвтрэхгүйгээр хариулж, багш хариуг хүүхэд бүрийн нэрээр харна. Удирдлага асуулга эхлүүлэх, хаахгүй бөгөөд удирдлагын цэсэнд асуулгын хуудас одоогоор алга — дүнг багшаас асууна, эсвэл багш «📊 Excel татах»-аар файлаар өгнө. Хөгжим, биеийн тамирын багшид энэ цэс харагдахгүй. Эцэг эхийн холбоосгүй хүүхдийн эцэг эх асуулгыг харахгүй. Төлбөрийн хугацаа дууссан үед эцэг эх хариулах боломжгүй.
✉️ Эцэг эхээс багшид ирсэн мэдээлэл
Эцэг эх мэдээ хардаг холбоосоороо бүлгийн багшдаа 🤒 Өвчтэй, 🏠 Ирэхгүй, 🏡 Гэртээ хийсэн (3 хүртэл зурагтай), ✉️ Бусад гэсэн мэдээлэл илгээнэ — чат биш, багш хариу бичихгүй. Бүлгийн багш, туслах багш хүүхдийн хуудсандаа уншиж «✅ Харсан» гэж тэмдэглэнэ, «🏡 Гэртээ хийсэн»-ийг «📝 Ажиглалт болгох»-оор ажиглалт болгоно — СҮД, үнэлгээг багш өөрөө сонгоно. Удирдлага эдгээрийг унших эрхтэй ч «Харсан» тэмдэглэхгүй бөгөөд удирдлагын цэсэнд эцэг эхийн мэдээллийн хуудас одоогоор алга — шаардлагатай бол бүлгийн багшаас асууна. Эцэг эхийн бичвэр, зургийг багш ч, удирдлага ч засах, устгах боломжгүй — тодорхой мэдээллийг устгуулах бол бидэнд хандана. Мэдээлэл хүүхдийнх тул хүүхэд өөр бүлэгт шилжих, багш солигдоход шинэ багшид харагдана. Хөгжим, биеийн тамирын багшид харагдахгүй. Эцэг эхэд, багшид SMS очихгүй. Төлбөрийн хугацаа дууссан үед эцэг эх илгээх боломжгүй.
Тоо бага байвал юуг шалгах вэ
  • Багшид бүлэг хуваарилагдсан эсэх
  • Тухайн бүлэгт хүүхэд бүртгэгдсэн эсэх
  • Багш нууц үгээ солиод жинхэнэ орж чадсан эсэх
🔗 ESIS холболт (удахгүй)
Цэсний доод хэсгийн 🔗 ESIS холболт нь Боловсролын яамтай мэдээлэл солилцох гэрээ байгуулагдсаны дараа нээгдэнэ. Тэр үед цэцэрлэгийн ESIS-ийн байгууллагын нэвтрэх нэр, нууц үгийг оруулна (нууц үг шифрлэгдэж хадгалагдах ба дахин харагдахгүй). Дараа нь манай бүлэг бүрийг ESIS-ийн бүлэгтэй нь холбож, хүүхдүүдийг тааруулна — систем төрсөн огноо, нэрээр санал болгоно, та баталгаажуулна. Холбогдсон бүлгийн багш ирцээ хадгалмагц ESIS руу автоматаар очно; өмнөх өдрийнхийг 📋 Ирц илгээх-ээр илгээнэ. Регистрийн дугаар хадгалагдахгүй.
🧾 Хэн юуг өөрчилсөн бэ
Цэсний доод хэсгийн 🧾 Өөрчлөлтийн түүх нь хүүхэд, бүлэг, ажилтныг хэн, хэзээ нэмсэн, зассан, устгасан; багшийг бүлэгт хуваарилсан, хассан; эцэг эхийн холбоос үүсгэсэн, цуцалсан; цэцэрлэгийн тохиргоо өөрчилсөн бүртгэлийг харуулна. Дээд талын товчоор төрлөөр нь шүүнэ. Засварт аль талбар өөрчлөгдсөнийг, бүлэг, төлөв, эрх зэрэгт хуучин, шинэ утгыг нь гаргана; эцэг эхийн утас, төрсөн огноо зэрэг хувийн мэдээллийн утга бүртгэлд орохгүй. Ажиглалт, үнэлгээний засвар хүүхэд бүрийн хуудсанд тусдаа хадгалагддаг. Бүртгэлийг хэн ч засах, устгах боломжгүй; нэг жилийн дараа автоматаар устна.

8. Зөвлөмж, багшийн асуулт, чат

Багш нартаа арга зүйн зөвлөмж бичнэ, багш ч танд асуулт илгээнэ. Зөвлөмж бүрийн дор хоёр талаас хариу бичилцэнэ — чат биш, хариу бүр «📨 Илгээх» дарж байж очно.

Багш нартай чат
«🔔 Мэдэгдэл» → «💬 Чат» табын зүүн талд цэцэрлэгийн багш, туслах бүр гарна — сүүлд харилцсан нь дээрээ, уншаагүй мессежийн тоотой (энэ нь гүйцэтгэлийн эрэмбэ биш). Багшаа сонгоод бичнэ; багш бүртэй нэг байнгын урсгал. Тухайн багш болон цэцэрлэгийн удирдлага л харна. Бодит цагийн чат биш — хариуг хуудсаа нээхэд харна, SMS явахгүй. Бичсэн мессежийг засах, устгах боломжгүй. Багш нар эцэг эхэд хүүхдийн хуудаснаас хариу бичдэг бөгөөд удирдлага түүнийг уншина.
Жагсаалтын хамгийн дээр 👥 Багш нарын өрөө — цэцэрлэгийн бүх багш, туслах, удирдлагын нийтийн урсгал. Тэнд бичсэнийг бүгд харна; нягтлан, эмч, эцэг эх харахгүй.
  1. Зөвлөмж бичих

    Зөвлөмж бичихдээ «🔔 Мэдэгдэл» → «💡 Зөвлөмж» табын «Шинэ зөвлөмж» маягтын «Хэнд» мөрөөс нэг багш эсвэл «Бүх багшид»-ийг сонгоно. Гарчиг нь сонголтоор, зөвлөмж 10–2000 тэмдэгт. 💡 Зөвлөмж илгээх дармагц багшид харагдана. Нэг багшид өгсөн зөвлөмжийг бусад багш харахгүй. «Анализаас санал 🔍» хэсгийн Зөвлөмж болгох нь маягтыг бэлэн бичвэрээр дүүргэнэ — уншиж, засаад илгээнэ.

  2. Уншсан эсэх, хариуг харах

    «Зөвлөмж ба асуулт» жагсаалтад зөвлөмж бүрийн доор хэдэн багш уншсан нь «3/12 уншсан» гэж гарна. Багш хариу бичсэн бол картын доор хуучнаас шинэ рүү жагсана — багшийнх багшийн нэрээр, таных «Та», бусад удирдлагынх нэрээр. Бүх багшид өгсөн зөвлөмжид хариу бичсэн багш бүр тусдаа урсгалтай, «💬 Хариу бичсэн багш» гэж тоологдоно. Урт урсгалд сүүлийн 3 мессеж гарах ба ⬆️ Өмнөх … мессежийг харах дарж бүгдийг харна.

  3. Хариу бичих

    Багшид хариу бичихдээ урсгалын доорх ✍️ Хариу бичих дарж бичээд 📨 Илгээх дарна, 2000 тэмдэгт хүртэл. Хариу хүлээж буй урсгалд бичих талбар шууд нээлттэй байна — хэрэггүй бол Болих дарж хаана, «⏳ Хариулаагүй» тэмдэг хэвээр үлдэнэ. Нэг багшид өгсөн зөвлөмжид багш хараахан бичээгүй ч ✍️ Нэмж бичих товчоор нэмж бичнэ.

  4. Багшийн асуултад хариулах

    Багш «❓ Асуулт илгээх»-ээр танд бичсэн асуулт жагсаалтад «❓ Асуулт» болон багшийн нэртэй гарна. Багшийн асуултад хариугаа түүний доор зөвлөмжтэй адил бичнэ.

⏳ Хариулаагүй
Сүүлийн үг нь багшийнх болсон урсгал — хариулаагүй асуулт, багшийн хариу — «⏳ Хариулаагүй» тэмдэгтэй жагсаалтын хамгийн дээр гарна. Гарчгийн хажууд «⏳ N хариу хүлээж байна», цэсний «🔔 Мэдэгдэл» дээр тоо гарна. Хариу бичмэгц тэмдэг арилна. «Хариу шаардлагагүй» товч байхгүй — багш «Баярлалаа» гэж бичсэн ч тэмдгийг арилгахын тулд богино хариу бичнэ. Урьд нь багшийн бичсэн нэг удаагийн хариунаас зөвхөн сүүлийн 14 хоногийнх нь ⏳ гэж тоологдоно.
Хэн харах вэ
Зөвлөмжийн хариу, багшийн асуултыг тухайн багш болон цэцэрлэгийн бүх удирдлага буюу эрхлэгч, арга зүйч харна. Бусад багш, эцэг эх харахгүй. Нөгөө удирдлагын бичсэн хариу нэрээр нь харагдана. Таны хариуг багш цэсний «🔔 Мэдэгдэл» дээрх тоогоор мэднэ — SMS, 🔔 Мэдэгдэл илгээхгүй. Багшийн шинэ хариу дэлгэц дээр өөрөө гарч ирэхгүй — хуудсаа дахин ачаална.
Засах, устгах боломжгүй
Багшийн болон удирдлагын бичсэн хариуг хэн ч засах, устгах боломжгүй — бүртгэл болж хадгалагдана. Зөвлөмжийн «Устгах» товч зөвхөн дор нь хариу бичигдээгүй зөвлөмжид гарна. Багшийн асуулт, хариутай зөвлөмжийг устгахгүй. Багш ажлаас гарсан ч түүний хариу, асуулт танд харагдсаар байна.
Уншсан огноо ба УНШИХ горим
Нэг багшид өгсөн зөвлөмжийн уншсан огноо нь багш «✓ Уншлаа» дарсан агшин. Таны шинэ хариуг уншаад багш дахин «✓ Уншлаа» дарвал, эсвэл хариу бичвэл огноо шинэчлэгдэж сүүлд уншсан агшин болно. Төлбөрийн хугацаа дууссан үед систем зөвхөн УНШИХ горимд орж шинэ зөвлөмж, хариу бичих, «Зөвлөмж болгох», «Устгах» нуугдана — өмнөх бүхэн харагдсаар байна.

9. А/79 үнэлгээний хугацаа

Үнэлгээг багш нар хийнэ. Удирдлагын үүрэг бол хугацаанд нь гүйцэтгэж байгааг хянах.

ҮнэлгээХэзээХэнд
🎯 Гарааны үнэлгээХичээлийн жилийн эхэндБүх хүүхэд
🔄 Явцын үнэлгээСургалтын явцадБүх хүүхэд
🏁 Үр дүнгийн үнэлгээ5 дугаар сард багтаан (журмын 2.11)Бүх хүүхэд
🎒 Сургуульд бэлтгэгдсэн байдал5 сарын 15-ны дотор (журмын 3.5)Тухайн онд 6 нас хүрэх хүүхэд
📜 Хууль, журам
Зүүн цэсний 🏢 Байгууллага → 📜 Хууль, журам-д СӨБ-д хамаарах хууль, Засгийн газрын тогтоол, сайдын тушаал (А/79, А/569, А/95 …), 2025 оны хөтөлбөр, стандарт, гарын авлага албан эх сурвалжийн холбоостойгоо нэг дор байна. Дугаар («А/79», «а79») эсвэл нэрээр хайж, төрлөөр шүүнэ. «👔 Удирдлагад» гэсэн тэмдэгтэй нь цалин, санхүүжилт, хоол, барилгын норм зэрэг удирдлагад илүү хэрэгтэй баримт. Үнэлгээний хуудсан дээрх «журмын 2.10» гэх мэт бичиг дээр дарвал А/79 журам шууд нээгдэнэ.

Явцын үнэлгээ А/79-ийн шалгуураар хийгдэхгүй (эзэн, 2026-10-19). Явц нь ажиглалт, ярилцлага, хувийн хавтасны нотолгоогоор л үнэлэгдэнэ — багш дүгнэлт бичихгүй. 🎓 Үнэлгээ → 🔄 Явцын үнэлгээ табад бүлэг бүр нэг мөр: ажиглалттай, ярилцлагатай, хавтастай хүүхдийн тоо, нотолгоо бүрэн (2/2) хүүхэд. Бүлгийн нэр дээр дарвал хүүхэд бүрийн мөр, хүүхдийн нэр дээр дарвал бүртгэлийн «🎓 А/79 → 🔄 Явц»-аас нотолгоог харна. Өмнө бичсэн дүгнэлт, өмнө оруулсан явцын А/79-ийн тэмдэглэгээ тэнд хураасан хэлбэрээр, засахгүй.

Гарааны табд «⏳ Үнэлээгүй хүүхэд — бүлэг бүрээр» хэсэгт «Үнэлээгүй N шалтгаантай M», шалтгаан тус бүрийн тоо, «Шалтгаан бичээгүй» гарна. Бүлгийн нэр дээр дарвал хүүхэд бүрийн нэр, багшийн сонгосон шалтгаан болон тайлбар гарна; хүүхдийн бүртгэлийн 🎓 А/79 гарааны табад ч харна. Удирдлага засахгүй — шалтгааныг бүлгийн багш бичнэ. Бүлгийн хуудсанд хэсэгчлэн үнэлсэн хүүхдийн нэрийн хажууд «⚠️ N дутуу» гарна.

Багшийн нүүр хуудсанд «Үнэлгээний явц» гэсэн хэсэг байдаг бөгөөд үе шат бүрд хэдэн хүүхэд үнэлэгдсэнийг хувиар харуулна. Та цэцэрлэгийн нэгдсэн дүнг 🎓 Үнэлгээ → «Бүх бүлэг (нэгтгэл)» хэсгээс харна: бүлэг бүр нэг мөр, хүү/охины тоо, хэдэн хүүхэд үнэлэгдсэн, түвшин бүрт хэдэн хүүхэд байгаа нь гарна. Хэвлэж гарын үсэг зурах, Excel-ээр татах боломжтой. Бүлгийн нэр дээр дарвал тухайн бүлгийн хүүхэд бүрийн дүн нээгдэнэ.

Гараа, үр дүнгийн табын доор 📊 график байна. Дээд талын «🏫 Цэцэрлэгийн дундаж» карт цэцэрлэгийн нийт дундаж хувь, 2.10-ын түвшин, Мэдлэг · Чадвар · Төлөвшлийн хувийг харуулна. «Бүлэг бүрийн дундаж» графикт бүлэг бүр нэг багана, хамгийн сүүлийн зураастай багана нь цэцэрлэгийн дундаж; хэвтээ шугам нь цэцэрлэгийн дундаж тул бүлэг бүрийг түүнтэй харьцуулна. Бага бүлгийн гарааг ажиглалтын хуудсаар үнэлсэн хүүхэд нийт дундаж, 2.10-ын тархалтад орно; бүхэлдээ хуудсаар үнэлсэн бүлэг «Мэдлэг · Чадвар · Төлөвшил» графикт өөр өнгөөр гарна (дэлгэрэнгүйг тухайн бүлгийн тайлангаас). Дундажид бүх шалгуурыг бүрэн үнэлсэн хүүхэд л орно. Тоо бүрийг «📋 Хүснэгтээр харах»-аас харна. «Нийт цэцэрлэг» мөрөнд хэдэн хүүхэд үнэлэгдсэн нь хувиар гарна (жишээ 99 / 106 (93%)). «🖨️ Графиктай хэвлэх» нь албан маягтын араас графикуудыг шинэ хуудаснаас хэвлэнэ.

Бүлгийн дундажийг хэрхэн унших вэ
Бүлгүүд нэрээрээ жагсана, эрэмбэлэхгүй. Хүүхдүүдийн нас, бүлгийн бүрэлдэхүүн өөр тул бүлгийн дундаж нь багшийн ажлыг хэмжих оноо биш — хүүхдүүдийн хөгжлийн ерөнхий зургийг харуулна.

10. Цэцэрлэгийн мэдээлэл, лого

⚙️ Тохиргоо хэсэгт цэцэрлэгийн нэр, хаяг, утсаа засна. Мөн өөрийн логоо байршуулж болно — тэр үед систем өөрийн лого биш, танай цэцэрлэгийн тэмдгийг багш нарын дэлгэц дээр харуулна.

Тайлан хэвлэхэд цэцэрлэгийн нэр гарч ирдэг тул нэрээ албан ёсны бичиглэлээр (жишээ: «125-р цэцэрлэг») оруулахыг зөвлөе.
⚡ «Шуурхай мэдээлэл» — байршил, утас

Нэвтэрсний дараа «⚡ Шуурхай мэдээлэл» цонх цэцэрлэгийн байршлыг асууна: аймаг эсвэл Улаанбаатар хот, дараа нь дүүрэг. Аймагт бол сумаа бичиж болно (заавал биш). Цэцэрлэгт нэг л удаа — нэг удирдлага бөглөхөд хангалттай, багш нар бөглөхгүй.

Цэцэрлэгийн нэр, хаягаас тааж урьдчилж сонгосон бол 💡 гэж тэмдэглэнэ. Зөв бол «✓ Зөв», дараа нь «Хадгалах» дарна. Буруу бол өөрөө сонгоно.

Таны утас бүртгэлгүй бол дугаарыг тань мөн асууна. «Дараа» дарвал өнөөдөр дахин асуухгүй. Андуурсан бол засна: ⚙️ Тохиргоо → 📍 Цэцэрлэгийн байршил, 📞 Миний утас.

11. Төлбөр, эрхийн хугацаа

  • Систем 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс төлбөртэй болно. Түүн хүртэл бүх цэцэрлэг үнэгүй ашиглана.
  • Нэмэлт туршилтын хугацаа байхгүй — 11-р сарын 1-нээс хойш бүртгүүлсэн цэцэрлэгт шууд төлбөр бодогдоно.
  • Хугацаа дуусахаас 14 хоногийн өмнөөс дэлгэцэнд сануулга гарч эхэлнэ.
  • Хугацаа дуусвал систем зөвхөн унших горимд шилжинэ: хуучин бүх мэдээлэл хэвээр харагдана, шинээр бичих боломжгүй болно. Төлбөр баталгаажмагц бичих эрх сэргэнэ.
  • Төлбөрийг 🏢 Байгууллага → 📄 СӨБ системийн гэрээ-ээр гэрээ байгуулж, бүх багшийн өмнөөс нэг дор төлнө — багш нар тус тусдаа төлөхгүй. Үнийн тарифыг төлбөрийн мэдээллийн хуудаснаас харна.
  • Гэрээг хэрхэн байгуулах вэ. Эрхлэгч эсвэл арга зүйчийн аль нэг нь гэрээний маягтыг бөглөөд «🖨️ Хэвлэх»-ээр 2 хувь хэвлэнэ. Эрхлэгч гарын үсэг зурж, байгууллагын тамга дарсны дараа системд «✍️ Гарын үсэг зурсан»-ыг дарна. Гарын үсэг, тамгатай гэрээг сканнердаж эсвэл тод зургийг нь Ubxd2020@gmail.com хаяг руу мэйлээр илгээнэ, гарчигт нь гэрээний дугаарыг бичнэ. Бид хариу мэйл, нэхэмжлэл илгээнэ — төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утганд гэрээний дугаарыг бичнэ. Төлбөр орсны дараа гэрээ «✅ Баталгаажсан» болж эрх нээгдэнэ.
  • Гэрээнээс илүү багш. Гэрээнд бичигдсэн тооноос олон багш, туслах бүртгэлтэй бол илүү гарсан нь бүртгэгдсэнээс 7 хоногийн дараа зөвхөн унших горимд шилжинэ — өгөгдөл нь устахгүй. Гэрээнд эхлээд бүлгийн багш, дараа нь хөгжим, биеийн тамирын багш, туслах багтана; дотроо эрт бүртгүүлсэн нь түрүүлнэ. Хэн хаагдах гэж байгааг дээд талын тууз болон 👩‍🏫 Багш нар жагсаалтаас харна. Нээх бол 📄 СӨБ системийн гэрээ-нээс нэмэлт гэрээ хийнэ, эсвэл ажиллахаа больсон хүнийг жагсаалтаас хасна.
Мэдээлэл устахгүй
Төлбөр хоцорсон ч ажиглалт, үнэлгээ, зураг устгагдахгүй. Тиймээс хичээлийн жилийн дундуур сандрах шаардлагагүй.

12. Аюулгүй байдал

  • Багш бүр зөвхөн өөрийн бүлгийн хүүхдийг харна. Бусад бүлгийн мэдээлэл түүнд огт харагдахгүй.
  • Та зөвхөн өөрийн цэцэрлэгийн мэдээллийг харна. Өөр цэцэрлэгийн өгөгдөл хаалттай.
  • Эцэг эхэд өгдөг холбоос нь нууц үг шаардахгүй, таамаглах боломжгүй урт кодтой. Үүгээр бүлгийн мэдээ, тухайн хүүхдийн хувийн хавтас харагдана: багшийн харуулсан бүтээл, «Миний тухай» («Миний сайн найз»-ын нэрийг оруулаад), насны онцлог. «Миний хөгжил» (өндөр, жин, шүд, харшил) нь зөвхөн багш асаасан үед харагдана. Мөн холбоос бүхий хэн ч багшийн асуулгад эцэг эхийн өмнөөс хариулж, асуулга идэвхтэй байх хугацаанд өмнөх хариуг засаж чадна — тиймээс холбоосыг олон нийтэд бүү тавь. Шаардлагатай бол багш хэдийд ч цуцалж болно.
  • Нэг эрхийг хоёр хүн хуваалцаж болохгүй. Хүн бүр өөрийн имэйлээр нэвтрэх ёстой — тэгж байж хэн юу бичсэнийг ялгаж харна.
  • Хүүхдийн зураг байршуулахдаа эцэг эхийн зөвшөөрлийг авсан байх ёстой гэдгийг багш нартаа сануулаарай.

13. СӨБ туслах

Цэсний 🤖 СӨБ туслах хуудсанд системээ хэрхэн ашиглах талаар асуулт бичвэл гарын авлага, үнэ төлбөрийн мэдээлэл, 2025 оны сургалтын хөтөлбөр, сэдвийн боловсруулалтаас хариулна. Тэдгээрт байхгүй зүйлийг зохиож хариулахгүй. Өдөрт асуух асуултын тоо багш нарынхтай адил хязгаартай.

14. Түгээмэл асуулт

Багш нууц үгээ мартсан бол яах вэ?

👩‍🏫 Багш нар хэсэгт орж тухайн багшийн мөрөн дэх 🔑 Нууц үг шинэчлэх дарна. Шинэ түр нууц үг гарч ирэх тул хуулж аваад багшдаа дамжуулна.

Урьдчилан сэргийлэх зам: багш нэвтэрсэн даруйдаа ⚙️ Тохиргоо хэсгээс өөрийн санадаг нууц үгээ тавих.

Эрхлэгч би өөрөө ажиглалт бичиж болох уу?

Удирдлагын эрхээр шинээр бичихгүй — ажиглалтын цонх зөвхөн багшид нээгддэг. Харин багшийн бичсэн ажиглалтыг засварлаж болно, доорх асуултыг үзнэ үү. Хэрэв та өөрөө бүлэг хөтөлдөг бол өөр имэйлээр багшийн эрх нэмж аваад тэрхүү эрхээрээ ажиллана.

Багшийн ажиглалтыг засварлаж, буцааж болох уу? Устгаж болох уу?

Засварлаж болно: 📝 Ажиглалт эсвэл хүүхдийн бүртгэл дээрх ✏️ Засварлах. Багшийн дүгнэлт, чиглэлийн үнэлгээ, суралцахуйн үр дүн, түвшнийг засаж, багшид тайлбар үлдээнэ. Багшид юу өөрчлөгдсөн нь тайлбарын хамт 🔔 мэдэгдлээр очно.

Засвар бүрийн өмнөх хувилбар хадгалагддаг тул «🕘 Засварын түүх»-ээс ↩️ … сэргээх дарж буцаана — сэргээлт өөрөө ч түүхэнд бичигдэх тул түүнийг ч буцааж болно. Удирдлага ажиглалт устгахгүй — дор хаяж нэг үнэлгээ үлдэх ёстой. Ажиглалтыг зөвхөн бичсэн багш нь устгана.

Хөгжим, биеийн тамирын багшийн ажиглалтад зөвхөн тэр хичээлийн чиглэлээр шинэ үнэлгээ нэмнэ; бусад чиглэлийн байгаа үнэлгээг засаж, хасаж болно.

Багш ажлаас гарвал бүлгийг нь яах вэ?

Багш ажлаас гарвал бүлгийг нь 👩‍🏫 Багш нар хуудасны «🔁 Багш солих»-оор орлох багшид өгнө. Хүүхдийн бүртгэл бүлэгтэйгээ үлдэж, шинэ багшид шууд харагдана. Дэлгэрэнгүйг 4-р хэсгээс үзнэ үү.

Нэг багш хоёр бүлэг хөтөлдөг. Болох уу?

Болно. Бүлэг тус бүр дээр нь тухайн багшийг хуваарилахад хангалттай. Багшийн цонхонд бүлгүүд нь хамт харагдана.

Хоёр багш нэг бүлэг хөтөлдөг. Болох уу?

Болно. Нэг бүлэгт хэдэн ч багш хуваарилж болох ба хоёулаа ижил хүүхдүүдийг харж, ажиглалт бичнэ.

Багш нар утсаараа ажиллаж чадах уу?

Тийм. Систем утсанд бүрэн тохирсон бөгөөд ⚙️ Тохиргоо → «📱 Утсанд суулгах» зааврын дагуу нүүр дэлгэцэд нэмбэл ердийн апп шиг нээгдэнэ. Ажиглалт бичихдээ утсаараа шууд зураг авч хавсаргаж болно.

Хуучин цаасан бүртгэлээ оруулах шаардлагатай юу?

Шаардлагагүй. Системийг эхэлсэн өдрөөсөө хөтөлж эхлэхэд хангалттай. Харин гарааны үнэлгээг хичээлийн жилийн эхэнд хийсэн байх нь дараагийн үе шатуудтай харьцуулах суурь болдог тул чухал.

Тусламж хаанаас авах вэ?

Энэ авлагыг багш нартаа sob.mn/tuslamj/bagsh холбоосоор дамжуулж болно. Шийдэгдэхгүй асуудал гарвал системийн админд хандана уу.

👩‍🏫 Багш нартаа энэ холбоосыг илгээнэ үү

Багшид зориулсан тусдаа заавар бэлэн байгаа — нэвтрэхээс эхлээд ажиглалт, үнэлгээ, тайлан хүртэл.

Багшийн гарын авлага →