Ганцаараа эхлэх багшид
Цэцэрлэг тань системд хараахан бүртгүүлээгүй байсан ч та хүлээх шаардлагагүй. Өөрөө бүртгүүлээд, өөрийн бүлгээ үүсгээд, өнөөдрөөс эхлэн ажиглалтаа бичиж болно. Цэцэрлэг тань дараа нь нэгдэхэд таны бүх ажил дагаж шилжинэ.
sob.mn → Бүртгүүлэх → бүлгээ нэрлэх → хүүхдүүдээ жагсаах → хүүхэд дээрээ дараад ➕ Шинэ ажиглалт бичих.
Эхний гурав нь 10 минут, дөрөв дэх нь 20 секунд авна. Бусад бүх зүйл үүнээс ургана.
1. Хувийн орчин гэж юу вэ
Цэцэрлэгээ хүлээлгүйгээр ганцаараа ажиллах боломж.
Систем ихэвчлэн бүтэн цэцэрлэгээр ажилладаг: удирдлага бүртгүүлж, бүлгүүдээ үүсгээд, багш нараа урьдаг. Гэтэл цэцэрлэг тань шийдвэрээ гаргах хүртэл та ажлаа хойшлуулах шалтгаангүй.
Тиймээс өөрөө бүртгүүлэхэд систем танд хувийн орчин нээж өгнө. Энэ бол зөвхөн танд харагдах жижиг цэцэрлэг — доторх бүх хүүхэд, ажиглалт, үнэлгээ тань таных.
- Бүлгээ өөрөө үүсгэх, нэрлэх
- Хүүхдүүдээ бүртгэх
- Өдөр тутмын ажиглалт бичих
- А/79 үнэлгээ хийх
- Эцэг эхэд мэдээ, холбоос хүргэх
- Тайлан гаргаж хэвлэх
- Удирдлагын эрх — таны орчинд эрхлэгч байхгүй
- Бусад багшийг урих
- Цэцэрлэгийн хэмжээний нэгдсэн тайлан
Эдгээр нь цэцэрлэг бүртгүүлээд та нэгдэхэд нээгдэнэ.
2. Өөрөө бүртгүүлэх
Хэн нэгний зөвшөөрөл хүлээхгүй. 2 минут.
- sob.mn хаягийг нээх
Ямар ч браузераар нээнэ. Апп дэлгүүрээс юу ч татахгүй.
- «Бүртгүүлэх» дарах
Нэвтрэх хэсгийн доор Бүртгүүлэх холбоос байна. Энэ нь Бие даан ажиллах хуудас руу аваачна.
- Талбаруудаа бөглөх
Дөрвөн талбар: нэр, имэйл, ажлын байрны нэр, утас. Нууц үг асуухгүй — систем өөрөө үүсгэнэ.
- Овог, нэр — жинхэнэ нэрээ. Тайлан, ажиглалт дээр энэ нэр гарна.
- Имэйл — өөрийн ажиллаж байгаа хаяг. Нууц үгээ мартвал бид таныг энэ имэйлээр олж сэргээнэ.
- Ажлын байрны нэр (сонголт) — жишээ нь «125-р цэцэрлэг, 2-р бүлэг». Хоосон орхивол таны нэрээр нэрлэгдэнэ.
- Утас — нэвтрэх нууц үг тань энэ дугаар руу SMS-ээр очно. Нууц үгээ мартвал шинэ түр нууц үг мөн энд очно.
- «Бүртгүүлээд эхлэх» дарах
Дэлгэц дээр таны нэвтрэх нууц үг гарна (SMS-ээр ч очно) — тэмдэглээд «Системд орох» дарна. Имэйл баталгаажуулах, зөвшөөрөл хүлээх алхам байхгүй. Нууц үгээ ⚙️ Тохиргоо → 🔑 Нууц үг солих-оор өөрийнхөөрөө сольж болно.
Имэйлээ шалгаарай. «gmail» биш «gamil», «.com» биш «.comt» гэх мэт нэг үсгийн алдаа гарвал нууц үгээ хэзээ ч сэргээж чадахгүй болно. Бүртгүүлэхийн өмнө нэг дахин уншина уу.
Утасны дугаараа зөв бичээрэй. Нэвтрэх нууц үг тань тэр дугаар руу очно — буруу бол дэлгэц дээр гарсан нууц үгийг заавал тэмдэглээд, дараа нь ⚙️ Тохиргоо хэсгээс утсаа засаарай.
Нэвтэрсний дараа «⚡ Шуурхай мэдээлэл» цонх хоёр зүйл асууж магадгүй. Нэгт, та аль аймаг, дүүрэгт ажилладаг вэ: Улаанбаатар бол дүүргээ, аймаг бол сумаа (заавал биш). Гэрийн хаяг асуухгүй. Хоёрт, утасны дугаар тань бүртгэлгүй бол дугаараа.
Байршлыг тааж урьдчилж сонгосон бол 💡 гэж тэмдэглэнэ. Зөв бол «✓ Зөв», дараа нь «Хадгалах» дарна. Буруу бол өөрөө сонгоно.
«Дараа» дарвал өнөөдөр дахин асуухгүй. Андуурсан бол засна: ⚙️ Тохиргоо → 📍 Миний ажлын байршил, 📞 Миний утас.
3. Утсандаа суулгах
Ажиглалтыг бүлгийн дунд зогсож байхдаа бичдэг тул утас нь гол хэрэгсэл.
- Утсаараа sob.mn нээх
- Хөтчийн цэснээс «Нүүр дэлгэцэд нэмэх» сонгох
Android дээр Chrome өөрөө санал болгодог. iPhone дээр Safari-ийн Хуваалцах товч → Нүүр дэлгэцэд нэмэх.
- Дүрс дээрээс нээх
Ингэснээр энгийн апп шиг бүтэн дэлгэцээр нээгдэнэ. Хаяг бичих, хайх шаардлагагүй.
4. Бүлгээ үүсгэх
Цэцэрлэгт бүлгийг удирдлага үүсгэдэг. Хувийн орчинд та өөрөө.
Бүртгүүлэнгүүт систем танд «Миний бүлэг» гэсэн нэг бүлэг автоматаар үүсгэсэн байгаа. Нэг бүлэгтэй ажилладаг бол үүнийг нэрлээд цааш үргэлжлүүлж болно.
- Зүүн цэсний «🗂️ Миний бүлгүүд» рүү орох
Энэ цэс зөвхөн бие даан ажиллаж байгаа багшид харагдана.
- Бүлгээ нэрлэх
«Миний бүлэг» гэснийг жинхэнэ нэрээр нь солино — «Бэлтгэл А бүлэг» гэх мэт. Насны ангиллыг нь бас тэмдэглэвэл үнэлгээний түвшин зөв тооцогдоно.
- Хэрэгтэй бол өөр бүлэг нэмэх
Хэд хэдэн бүлэгт ордог бол (жишээ нь биеийн тамир, дуу хөгжмийн багш) бүлэг бүрийг тусад нь үүсгэнэ.
5. Хүүхдүүдээ бүртгэх
Ганц удаагийн ажил. Дараа нь зөвхөн ажиглалт бичнэ.
- «🧒 Хүүхдүүд» → «➕ Хүүхэд нэмэх»
Нэр нь заавал. Төрсөн огноо, хүйс, эцэг эхийн холбоо барих мэдээллийг хожим ч нэмж болно.
- Бүлгээ сонгох
Ганц бүлэгтэй бол систем өөрөө сонгоно. Олон бүлэгтэй бол аль бүлэгт нэмэхээ заана.
- Бүх хүүхдээ жагсааж дуусгах
20–30 хүүхэд бүртгэхэд 10-15 минут орно. Нэг суултаар дуусгавал дараагийн өдрөөс шууд ажиглалт руу орно.
6. Эхний ажиглалтаа бичих
Хамгийн чухал алхам. 20 секунд.
Ажиглалт гэдэг нь урт тайлан биш. Хичээл дууссаны дараа нэг хүүхдийн талаар нэг зүйл тэмдэглэхэд хангалттай.
- Хүүхэд дээрээ дарах
🧒 Хүүхдүүд хэсгээс хүүхдийн карт дээр дарна.
- «📝 Өдөр тутмын ажиглалт» табыг сонгох
- «➕ Шинэ ажиглалт бичих» дарах
- Чиглэл, үр дүн, түвшнээ сонгох
Долоон чиглэлээс нэгийг сонгоод, суралцахуйн үр дүнг нь заана. Дараа нь гурван товчны аль нэгийг дарна:
- 😊 Хангалттай эзэмшиж байна
- 🙂 Ахиж байна
- 😐 Хөгжиж байна
- Хүсвэл тэмдэглэл, зураг нэмэх
Заавал биш. Гэхдээ нэг өгүүлбэр тэмдэглэл нь хожим тайлан бичихэд маш их тус болно. Зургийг утасны камераас шууд авна.
- Хадгалах
Дор хаяж нэг СҮД сонгож 😊 / 🙂 / 😐-ийн аль нэгийг дарсан байх ёстой — зөвхөн тэмдэглэлтэй ажиглалт хадгалагдахгүй. Дутуу бол «Хадгалах 💾» дарахад юу дутууг товчны дээр хэлнэ. Хадгалмагц «✅ Ажиглалт хадгалагдлаа» гэж гарна.
Өдөрт бүх хүүхдийг хамрах шаардлагагүй — тэгвэл ядарч уддаг. Өдөрт 3–5 хүүхэд бичвэл долоо хоногийн дотор бүлэг бүтнээрээ хамрагдана.
Нэг хүүхдэд нэг өдөрт хэдэн ч ажиглалт бичиж болно — хичээл бүрээр тусад нь тэмдэглэж болно гэсэн үг.
7. Дараа нь юу хийх вэ
Ажиглалт тогтмолжсоны дараа доорх хэсгүүд өөрсдөө утга агуулж эхэлнэ.
- 🎓 А/79 үнэлгээ — журмын дагуух албан ёсны үнэлгээ. Гараа, явц, үр дүн гэсэн үе шатаар хийнэ. Явцын үнэлгээ А/79-ийн шалгуураар биш — систем ажиглалт, ярилцлага, хувийн хавтсыг чиглэл бүрээр нэгтгэнэ, явц нь эдгээр нотолгоогоор л үнэлэгдэнэ. Ажиглалт, хавтас хоёулаа ядаж нэг байвал «🔎 Нотолгоо 2/2» — ярилцлага заавал биш, дүгнэлт бичихгүй. Гарааг бүлгээрээ «📋 Гараа хүснэгтээр оруулах»-аар бөглөж болно. Хэсэгчлэн үнэлсэн хүүхдэд «⚠️ N дутуу» гарна; үнэлээгүй хүүхдэд «Яагаад үнэлээгүй вэ?» гэж шалтгааныг сонгоно.
- 📜 Өмнөх оны үр дүн — өмнөх хичээлийн жилийн А/79-ийн үр дүнг цаасан маягтаас оруулж, энэ оныхтой харьцуулна. Хүүхдийн А/79 хуудасны дээд талын хичээлийн жилээс өмнөх оныг сонгоод, тэр жилийн түвшнийг сонгож шалгуур бүрийг Хангасан / Хангаагүй-гаар тэмдэглэнэ. Бүлгийн дүнг 🎓 Үнэлгээ цэсний дээд талын оноос харна. Энэ оны үнэлгээ, тайланд нөлөөлөхгүй.
- 📊 Ахиц, анализ — хүүхэд бүрийн хөгжлийн муруй, бүлгийн нэгдсэн байдал. Ажиглалт цугларах тусам утга агуулна.
- 📰 Мэдээ, мэдээлэл — эцэг эхэд зураг, мэдээ хүргэнэ. Бичвэрт хуулж тавьсан https:// холбоос эцэг эхэд дарж нээх боломжтой болж харагдана — жишээ нь Google Drive дээрх гарын авлага, дасгалын хуудас. Drive-ийн файлыг «Холбоос бүхий хэн ч» болгож хуваалцаагүй бол эцэг эх нээж чадахгүй. Мэдээ бүрт ангилал (📢 Зарлал, 🎂 Төрсөн өдөр г.м.) сонгоно; эцэг эх холбоосоороо «👍 Уншсан» дарахад мэдээний доор «👍 N/M уншсан» гарч, дарвал хэн уншсан, хэн уншаагүйг нэрээр нь харна.
- 👨👩👧 Эцэг эхийн холбоос — эцэг эх бүлгийн мэдээ, өөрийн хүүхдийнхээ хувийн хавтсыг харах холбоос: таны харуулсан бүтээл, «Миний тухай» («Миний сайн найз»-ын нэрийг оруулаад), насны онцлог. «Миний хөгжил»-ийг (өндөр, жин, шүд, харшил) та асаасан үед л харна. Эцэг эх үүгээр таны асуулгад ч хариулна.
- 📋 Асуулга — эцэг эхээс гурван бэлэн загвараар асуулга авна. 🧒 Хүүхдийн тухай асуулга (жилийн эхэнд), 😊 Сэтгэл ханамжийн судалгаа, ⚡ Хурдан асуулга (нэг асуулт). Эсвэл ✏️ Өөрийн асуулгад 1–10 асуултаа өөрөө бичнэ — эрүүл мэнд, оношийн нэр, регистр зэргийг шаардлагагүй бол бүү асуу. Эцэг эх холбоосоороо нэвтрэхгүйгээр хариулна, хүүхдэд нэг хариу. Хариуг хүүхэд бүрийн нэрээр харж, Excel-ээр татна. Хүүхдийн тухай асуулгын хариу хүүхдийн «📁 Хувийн хавтас»-т «👨👩👧 Эцэг эхээс ирсэн мэдээлэл» болж гарна. Холбоосгүй эцэг эх асуулгыг харахгүй.
- ✉️ Эцэг эхээс ирсэн мэдээлэл — эцэг эх холбоосоороо танд 🤒 Өвчтэй, 🏠 Ирэхгүй, 🏡 Гэртээ хийсэн (3 хүртэл зурагтай), ✉️ Бусад мэдээлэл илгээнэ. Чат биш — та хариу бичихгүй. Шинэ мэдээлэл 🔔 Мэдэгдэл, «📰 Мэдээ, мэдээлэл»-ийн «✉️ Эцэг эхээс» таб, хүүхдийн хуудасны «👨👩👧 Эцэг эхэд» табад гарна. Уншаад «✅ Харсан» дарахад эцэг эх «✅ Багш харсан» гэж харна. «🏡 Гэртээ хийсэн»-ийг «📝 Ажиглалт болгох»-оор ажиглалтын маягтад оруулж, СҮД, үнэлгээгээ өөрөө сонгоно — эцэг эхийн зургийн хуулбар ажиглалтад орно. Эцэг эхийн бичвэр, зургийг засах, устгах боломжгүй. SMS ирэхгүй.
- 📄 Тайлан — бүлгийн болон жилийн тайланг хэвлэхэд бэлэн гаргана.
- 💬 Асуулт, санал — СӨБ системийн багт шууд бичнэ: ❓ Асуулт (системийг яаж ашиглах), 💡 Санал, алдаа (сайжруулах санаа, засах алдаа), 💛 Талархал (систем танд хэрхэн тусалж байгааг бусад багш нарт). Асуулт, саналыг зөвхөн манай баг уншина, нүүр хуудсанд гарахгүй; хариу 🔔 Мэдэгдэл-д ирж, «Миний асуулт, санал» жагсаалтад хадгалагдана. Нүүр хуудсанд зөвхөн талархал таны нэрээр гарна — бид хянасны дараа.
8. Цэцэрлэг тань бүртгүүлбэл
Ажлаа алдахгүйгээр цэцэрлэгтээ нэгдэнэ.
- Удирдлага таныг урина
Цэцэрлэгийн удирдлага таны имэйл хаягаар урилга илгээнэ. Тиймээс бүртгүүлэхдээ ажлын имэйлээ өгсөн байх нь чухал.
- Нүүр хуудсан дээр урилга гарч ирнэ
Дараагийн удаа нэвтрэхэд дээд талд «... цэцэрлэг таныг урьж байна» гэсэн самбар харагдана.
- «Зөвшөөрч нэгдэх» дарах
Таны бүх бүлэг, хүүхэд, ажиглалт, үнэлгээ цэцэрлэгийн бүртгэл рүү шилжинэ. Хувийн орчин тань хаагдана.
9. Төлбөр
Одоо бүртгүүлэхэд 2026 оны 10-р сарын 31 хүртэл үнэгүй.
- Систем 2026 оны 11-р сарын 1-нээс төлбөртэй болно.
- Түүнээс өмнө бүртгүүлсэн бүх хүн 10-р сарын 31 хүртэл үнэгүй ашиглана.
- Хугацаа дуусахад өгөгдөл устахгүй. Зөвхөн шинээр бичих эрх түр хаагдаж, хуучин ажиглалт, тайлангаа хэвийн харж, хэвлэж болно.
- Нүүр хуудасны дээд талд үнэгүй хугацаа дуусах хүртэлх цаг гүйж харагдана. Утсанд тань ч SMS сануулга очно.
- «💳 Төлбөр» цэсийг нээнэ
Эсвэл дээд талын цаг гүйж буй самбар дээр дарна. Гэрээ байгуулах, хэвлэх, гарын үсэг зурах шаардлагагүй.
- Хугацаагаа сонгоно
1 сар эсвэл хичээлийн жил дуустал. Жилээр нь төлбөл сард ногдох үнэ хямд. Зун (6–8-р сар) ажилладаг бол 5-р сараас эхлэн зун дуустал гэсэн сонголт гарна — хичээлийн жилээ төлсөн бол зуны сар ч мөн хямд үнээр.
- QPay-ээр төлнө
Нөхцөлийг зөвшөөрөөд «Төлөх» дарна. Утсан дээр банкны аппын жагсаалт, компьютер дээр QR код гарна. QPay-ээр төлсөн даруйд эрх тань автоматаар сунгагдаж, баталгааны SMS очно.
10. Түгээмэл асуулт
Бие даан ажиллах багш нараас хамгийн олон ирдэг асуултууд.
Цэцэрлэг маань бүртгүүлээгүй байхад би ажиллаж болох уу?
Болно. Яг үүний тулд хувийн орчин гэж бий. Цэцэрлэгийн зөвшөөрөл, удирдлагын урилга шаардахгүй.
Цэцэрлэг маань дараа нь нэгдвэл ажил маань устах уу?
Устахгүй. Хүүхэд, ажиглалт, үнэлгээ, зураг бүгд дагаж шилжинэ. Дахин оруулах зүйл гарахгүй.
Хамт ажилладаг багшаа урьж болох уу?
Хувийн орчинд болохгүй — энэ нь нэг хүнд зориулагдсан. Хамт олноороа ажиллахын тулд цэцэрлэг тань хүсэлт илгээж бүртгүүлэх хэрэгтэй.
Гэрээ байгуулах хэрэгтэй юу?
Үгүй. Бие даасан багш гэрээ байгуулахгүй — 💳 Төлбөр цэснээс шууд төлнө. Төлөхдөө үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн нь гэрээний үүргийг гүйцэтгэнэ. Өмнө нь гэрээ үүсгэсэн бол түүнийг орхиод шууд төлж болно.
Төлсөн ч эрх сунгагдаагүй бол?
QPay-ээр төлсөн бол 💳 Төлбөр хуудсыг дахин нээгээрэй — систем өөрөө шалгаад сунгана. Дансаар шилжүүлсэн бол ажлын 1 өдөр хүлээнэ үү. Түүнээс удвал 💬 Асуулт, санал-аар бидэнд бичих эсвэл бидэнтэй холбогдоорой. Төлбөрийн хугацаа дууссан үед ч энэ цэсээр бичиж болно.
Нэгээс олон бүлэгт ордог бол яах вэ?
🗂️ Миний бүлгүүд хэсгээс бүлэг бүрийг тусад нь үүсгэнэ. Хүүхдийн жагсаалт дээр бүлгээр нь шүүж харах товч гарч ирнэ.
Нууц үгээ мартвал яах вэ?
Бидэнтэй холбогдоно уу — бүртгэлтэй имэйлээ хэлэхэд бид шинэ түр нууц үг гаргаж өгнө. Утсаа бүртгүүлсэн бол тэр нь SMS-ээр шууд очно. Систем автомат имэйл илгээдэггүй тул өөрөө сэргээх холбоос байхгүй.
Түр нууц үгээр нэвтэрсний дараа ⚙️ Тохиргоо хэсгээс өөрийн санадаг нууц үгээ заавал тавиарай.
Ажлын байрны нэрээ буруу бичсэн бол?
⚙️ Тохиргоо хэсгээс хэдийд ч засна.
Интернэт байхгүй үед ажиллах уу?
Ажиглалт хадгалахад интернэт хэрэгтэй. Холболт тасарсан үед бичсэн зүйл хадгалагдахгүй тул сүлжээгээ шалгаад дахин оролдоно уу.
Системийн талаар асуулт асуух, алдаа мэдэгдэх бол?
Системийн талаар асуулт, санал, алдааг цэсний 💬 Асуулт, санал хуудсаар СӨБ системийн багт шууд бичнэ — цэсний доод хэсэгт, ⚙️ Тохиргоо-ны дээр. ❓ Асуулт эсвэл 💡 Санал, алдааг сонгоод бичиж «Илгээх» дарна; алдаа бол ямар хуудсанд, юу дарахад гарсныг бичээрэй. Хариу ирэхэд 🔔 Мэдэгдэл-д «Таны асуултад хариулт ирлээ» гэж гарна. Бүтэн хариу, хүлээгдэж буй асуулт тань тэр хуудасны «Миний асуулт, санал» жагсаалтад байна.
Асуулт, саналыг зөвхөн манай баг уншина — нүүр хуудсанд гарахгүй. Хүүхдийн нэр, хувийн мэдээлэл бичихгүй байхыг хүсье. Энгийн «яаж хийх вэ» асуултад цэсний 🤖 СӨБ туслах шууд хариулна.